Сайншанд сумын Орон нутгийн төсвийн орлого, Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдлээ.



Аймгийн Засаг даргын ирүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/1019 тоот албан бичгийн дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 12 тоот удирдамжаар Сайншанд сумын Орон нутгийн төсвийн орлого, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сан, Эрсдлийн сангуудын 2014 – 2016 оны эхний хагас жилийн, Сум хөгжүүлэх сангийн 2011 – 2014 оны гүйцэтгэл, 2015-2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлт өглөө.


      Хяналт шалгалтыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа ахалж, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор Ж.Болор-Эрдэнэ, А.Амгаланзаяа, Н.Бүрэнтэгш, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Шалгалтыг Монгол Улсын “Төрийн албаны тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”, Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль” “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 2012 оны 189 дүгээр тогтоолоор баталсан “Байгаль хамгаалах сангийн зохион байгуулалт”-ын журам, Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаалаар баталсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”, “Орон нутгийн хөгжлийн сангийн заавар батлах тухай” Сангийн сайдын 2014 оны 43 тоот тушаал, Сангийн сайдын 2012 оны 239 дугаар тушаалаар баталсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам” болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд явууллаа.

     Шалгалтаар нийт 661920,3 мянган төгрөгийн төлбөр зөрчил илэрч үүнээс 631870,3 мянган төгрөгийн зөрчилийг арилгуулахаар улсын байцаагчийн 2 албан шаардлагыг бичиж, 24477,4 мянган төгрөгийг сум хөгжүүлэх санд буцаан төвлөрүүлэхээр, 5572,6 мянган төгрөгийг орон нутгийн төсвийн орлого болгохоор улсын байцаагчийн 9 актыг тогтоолоо.
Тус хяналт шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргад 2 заалт, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 5 заалт, сумын Засаг даргад 12 заалт бүхий санал, зөвлөмжүүдийг тус тус хүргүүлэн хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.