Аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.




Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1/1019 тоот албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 13 тоот удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрын 2015 он, 2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Э.Энхцэцэг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.  
Шалгалтыг байгууллагын орон нутгийн төсвөөс хийгдсэн санхүүжилтийн зарцуулалт, үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, үйл ажиллагааны зардлын гүйцэтгэл, түүний үр дүн, үндсэн хөрөнгө, бараа материал бэлтгэсэн байдал, санхүүгийн болон татвар, нийгмийн даатгалын тайлан гаргалт, байгууллага хоорондын тооцоо, өр, авлагын бүртгэл, баталгаажуулалт, хөрөнгийн тооллого хийж тооцоо бодсон байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бэлэн мөнгөний зарцуулалт, харилцагч байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээ хэлцэл, түүнийг дүгнэсэн байдал, цалин хөлс тогтоолт, олголт, холбогдох бусад бичиг баримтуудыг хамруулан харилцах дансны гүйлгээ, журналууд, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад тулгуурлан хийлээ.



Шалгалтаар нийт 27170,6 мянган төгрөгийн алдаа зөрчил илэрч, орон нутгийн төсөвт төлүүлэхээр 1536.2 мянган төгрөгийн улсын байцаагчийн төлбөрийн 4 акт тогтоолоо.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар тус байгууллагад нийт 13 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж, биелэлтийг 2016 оны 09-р сарын 05-ны дотор албан бичгээр ирүүлэхээр хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.