Аймгийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний хэлтсийн 2014-2015 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийгдлээ



Аймгийн Засаг даргын баталсан Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу тус хэлтсийн 2014-2015 онуудад дэвшүүлсэн зорилго, зорилт түүний хэрэгжилт болон санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн туслалцаа үзүүллээ.

Албаны даргын баталсан 07 тоот удирдамжаар НХҮХэлтсийн 2014-2015 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Н.Бүрэнтэгш ахалж, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Болор-Эрдэнэ, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 


Шалгалтыг байгууллагын батлагдсан төсөв, түүний гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлт,  төсвийн хөрөнгийн зарцуулалт, үндсэн болон туслах үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, санхүүгийн болон бусад тайлангуудын гаргалт, харилцагч байгууллагуудын хоорондын өр, авлагын тооцоо бодолт, баталгаажуулсан байдал, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, гадаад дотоодын байгууллагаас ирсэн зээл тусламжийн хөрөнгө, байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээ хэлцэл, түүний үр дүн, харилцах данс, мөнгөн кассын орлого, зарлагын гүйлгээг холбогдох журналууд болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримттай тулгах замаар гүйцэтгэлээ.


Шалгалтаар давхардсан тоогоор 162 хүнтэй холбоотой 24,8 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрч,  21,3 сая төгрөгийг төсвийн орлого болгохоор, 47,9 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэхээр, 3,4 сая төгрөгийг 24 хүнд эргүүлж олгуулахаар  улсын /ахлах/ байцаагчийн 32 акт тогтоож, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага 1-ийг бичлээ.

     Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий газарт нийт 5 зөвлөмж, аймгийн Нийгмийн Халамж, Үйлчилгээний хэлтэс 25 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлж биелэлтийг 2016 оны 07-р сарын 10-ны дотор албан бичгээр ирүүлэхээр хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.