Замын Үүд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ



 Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 тоот тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Сангийн сайдын 2016 оны 107 тоот тушаалаар батлагдсан “Санхүүгийн хяналт шалгалтын стандарт”, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/149 тоот албан бичиг, Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 03 тоот удирдамжийн дагуу Замын Үүд сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2015 он, 2016 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч Х.Оюунтуяа ахалж, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор А.Амгаланзаяа, Э.Энхцэцэг, дотоод аудитор Б.Мөнгөнцэцэг нар 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 01-нийг дуустал хугацаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.  

 Шалгалтаар Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 6.4.8 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.3, 16.5.5, 16.5.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.5, 7.7 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 72 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Засгийн газрын 2007 оны 219 тоот “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” тогтоол, Засгийн газрын 2013 оны 393 тоот тогтоолоор баталсан “Төрийн өмчийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн урамшил олгох журам”-ын 1.2, 2.1 дэх заалт, Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан “Эд хариуцагчийн дүрэм”-ийн 2, 3 дугаар зүйл, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 63/104 тоот тушаалаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 6 дахь заалт, Боловсрол соёл шинжлэх ухаан, Нийгмийн хамгаалал хөдөлмөр, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 362/112/183 тоот тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 5, 7, 8, 10 дахь заалт, БШУСайдын 2013 оны а/305 дугаар тушаалаар баталсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.2 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалын 25 дахь заалтууд хангалтгүй хэрэгжжээ. 
Шалгалтаар тус байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа хэвийн түвшинд явагдаж байгаа хэдий ч санхүүгийн үйл ажиллагаанд шат шатанд хяналт тавих тогтолцоог бүрдүүлээгүй, удирдлага болон зарим ажилтнуудын хууль эрхзүйн мэдлэг дутмаг байгаагаас санхүүгийн зөрчил дутагдал гарсан байна.
Шалгалтаар 44.749.136 төгрөгийн алдаа зөрчил илэрч, Орон нутгийн төсөвт төлүүлэхээр 38.355.826 төгрөгийн улсын байцаагчийн 20 төлбөрийн акт тогтоож, тухайн байгууллагын дансанд төлүүлэхээр 233.310 төгрөгийн улсын байцаагчийн 1 төлбөрийн акт, 6.160.600 төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлд тусгуулахаар 1 албан шаардлага хүргүүлж, цаашид авах арга хэмжээний саналыг тус сумын Засаг даргад 2 заалт, аймгийн Боловсрол, соёлын газарт 3 заалт, шалгагдсан байгууллагад 21 заалтыг тус тус хүргүүлж ажиллалаа.